“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны эхний дугаарт Гэрээ соёрхон батлах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ. Гэрээ соёрхон батлах тухай хуулиар Улаанбаатар хотод 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гарын үсэг зурсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан байна.

Мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн байна. Дээрх хуулиар Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баяр, бүх нийтээр амрах өдөр болгон хуульчилсан юм.

Түүнчлэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлжээ.

Эмхэтгэлийн шинэ Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний албан тушаалаас чөлөөлөх тухай, Элчин сайдыг тохоон томилох тухай         Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигууд, Дүрэм батлах тухай, Дүрэм, журам батлах тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ. Дээрх тогтоолоор “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”, “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”, “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-уудыг баталсан бөгөөд дээрх журмуудыг эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлсэн байна

By admin