Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яамнаас зохион байгуулсан “Хөгжиж буй орнуудын хорих байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах болон ялтан шилжүүлэх ажиллагааны орон улсын хамтын ажиллагаа” сэдэвт сургалтад 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Цэнгэлбаяр, Шуурхай удирдлагын төвийн харуул хамгаалалт, шуурхай удирдлагын ахлах мэргэжилтэн, хошууч С.Баясгалан, Захиргааны удирдлагын газрын гадаад харилцааны мэргэжилтэн дэслэгч Р.Цээноров нар оролцов.

Энэхүү сургалт нь БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачлагад оролцогч улс орнуудын ялтан шилжүүлэх, хорих ял эдлүүлэх салбарт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой байсан ба Монгол, Бразил, Колумб, Намиб, Өмнөд Судан, Гана, Филиппин, Этиоп, Сенегал зэрэг Ази, Африк, Латин Америк тивийн 9 орны төрийн албан хаагчид хамрагдлаа. Сургалтын үйл ажиллагааны нээлтэд БНХАУ-ын Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд захирал н.Жанг Шио Минг, Худалдааны яамны харьяа сургалтын төвийн дэд захирал н.Лэй Хао нар оролцож “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд хөгжиж буй орнуудын ялтан шилжүүлэх, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг дурдаж, сургалтын оролцогчдод амжилт хүссэн юм. Мөн энэ үеэр БНХАУ-ын Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд захирал н.Жанг Шио Минг “Ялтан шилжүүлэх чиглэлээр БНХАУ-ын Хууль зүйн яам болон Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцлов. Сургалтын хүрээнд Бээжин хотын эмэгтэйчүүдийн хорих байгууллага, Хэбэй мужийн Шижиажуан хотын чанга дэглэмтэй хорих ангийн үйл ажиллагаатай танилцав. Энэ удаагийн сургалт нь БНХАУ-ын түүхэн хөгжлийн үе шат, “Бүс ба Зам” санаачилга, ирээдүйн хамтын ажиллагааны сайн сайхны төлөөх засаглал, Хятадын онцлогтой хууль зүйн системийн ололт амжилт, олон улсын эрүүгийн эрх зүйн туслалцааны онол практик, БНХАУ-ын эрүүгийн эрх зүйн онол практик, БНХАУ-ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн онол практик, хорих байгууллагын албан хаагчдыг бэлтгэх арга хэлбэр, хорих байгууллагын удирдлага менежментийн систем, туршлага, гадаадын иргэн, харьяатын эрх зүйн систем, практик, гадаадын иргэн харьяат иргэдийн дунд тулгардаг асуудлууд зэрэг 11 төрлийн сэдвээр БНХАУ-ын холбогдох яам, агентлагийн албан хаагчид, их сургуулийн эрдэмтэн судлаачид мэдээлэл, мэдлэгийг түгээж, харилцан санал солилцсон сургалт боллоо.

By admin