Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

          Эрдэм шинжилгээний хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хорих ял эдлүүлэх алба, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, удирдлагууд болон мэргэжилтэн, алба хаагчид, Улсын Ерөнхий Прокурорын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, ахлах прокурор, Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвийн сургагч багш, Нийслэлийн прокурорын газрын Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, Дүүргийн прокурорын газрын Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурорууд, Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн эрдэмтэн, багш, оюутнууд оролцлоо.

         Хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Хууль зүйн ухааны доктор (phD), хурандаа Д.Дамдинцэрэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих болон Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал, анхаарах асуудал”, Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд Харуул хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ “Хорих ял эдлүүлэх ажиллагааны нөхцөл байдал, анхаарах асуудал”, Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр судлалын төвийн дарга, Хууль зүйн ухааны доктор (phD), хурандаа Б.Алтангэрэл “Ял эдлүүлэх ажиллагааны явц дахь сургалт-нөлөөллийн ажилд тулгамдаж буй асуудал”, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарч хэрэгжүүлэх зарим асуудал”, Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн сургагч баг, МУИС-ын Хууль зүйн сургуулийн докторант прокурор Ц.Мөнхбат “Нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж, гарц”, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Шихихутуг хууль зүйн их сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор (phD) Р.Оюунбадам “Хорихоос өөр төрлийн ялын гүйцэтгэлийн бодлого” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

      Үүний дараа хуралд оролцогчдын санал, шүүмжийг дүгнэн хуулийн хэрэгжилтийг нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх, мөн мэргэжлийн байгууллагатай хамтран хорих болон хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдүүдэд сургалт зохион байгуулах үйл ажиллагааг өргөтгөх, “нийтэд тустай ажил хийлгэх журам”-ыг шинэчлэх зэрэг асуудлаар зөвлөмж гаргахаар боллоо.

By admin