Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтэс АНУ-ын Юта мужийн “Юта”-гийн их сургуулийн профессор, багш, оюутнуудтай хамтран хорих байгууллагын нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, ШШГС-ийн багш магистрантууд, сонсогч, суралцагчид, хамтран ажилладаг төрийн бус байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго нь хоригдлыг нийгэмшүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, тэднийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, түүнд чиглэсэн хөтөлбөр боловсруулах, нийгмийн ажлын шинжлэх ухаан өндөр хөгжсөн АНУ-ын их сургуулийн туршлагыг судлах, хорих ангид явуулах нийгэмшүүлэх ажил болон хорихоос суллагдсан иргэдэд үзүүлэх нийгмийн ажил үйлчилгээ, хөтөлбөр төлөвлөгөөний талаар мэдээлэл олж авах, тэдгээрийг цаашдын практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх, судалгааны ажилд ашиглах хамтын үйл ажиллагааг хөгжүүлэхэд орших юм.

Сургалтын хүрээнд Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Цэнгэлбаяр хорих анги, байгууллага дахь хоригдлыг нийгэмшүүлэх ажлын талаар танилцуулж, 405 дугаар хаалттай хорих анги, “Монголын уран зургийн галерей”-тай хамтран бүтээсэн “Уран зураг хүмүүний сэтгэлд” төслийн хүрээнд хийгдсэн видео нэвтрүүлгийг сонирхуулав.

          Мөн “Юта их сургууль”-ийн багш профессор, Жерри Би “Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хоригдлуудыг нийгэмшүүлэх”, багш доктор, профессор Троя Андерсон “Ахимаг настай хоригдлуудад үзүүлэх нийгмийн ажил үйлчилгээ”, оюутан Мартин болс “Нийгмийн ажил ба хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа”, оюутан Армит Люрона “Засан хүмүүжүүлэх байгууллагад хийсэн дадлага, сургалтад анхаарах зүйлс”, багш Мекат Серенсон “Засан хүмүүжүүлэх байгууллагад явуулах мэргэжил сургалтын үйл ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд хичээл сургалтыг заан явуулж, харилцан ярилцаж, туршлага судалсан үр дүнтэй сургалт боллоо.

By admin