Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хорооны удирдлага, дасгалжуулагч, тамирчдын төлөөлөл 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус оролцож амжилт гаргасан боксын тамирчин ОУХМ, дэслэгч Г.Цэндбаатар, хүндийн өргөлтийн тамирчин МУГТ, хошууч Э.Содномпэлжээ нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Боксын тамирчин ОУХМ дэслэгч Г.Цэндбаатар 2019 он гарснаас хойш Тайландын эзэн хааны нэрэмжит олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс алтан медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, саяхан ОХУ-ын Екатеринбург хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртсэн амжилт гаргажээ. МУГТ Э.Содномпэлжээгийн хувьд дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, пара паурлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон алтан медаль хүртэж дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон бөгөөд 9-р сард Улаанбаатар хотод зохион байгуулсан хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, мөн 9-р сарын 18-22-ны өдрүүдэд Испани Улсын Барселон хотод болсон “Арнольд классик” дэлхийн хүчтэнүүдийн наадмаас мөнгөн медаль хүртсэн амжилт гаргасан юм. Дээрх тамирчид ирэх онд Токио хотод зохион байгуулах зуны олимпийн XXXII их наадмын бэлтгэл сургуулилтаа эхлээд байна.

By admin