Home » Мэдээ мэдээлэл » “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 37 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 37 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлжээ. Уг тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоол болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгасан байна. 

Мөн Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх    асуудлын тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн байна.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх    асуудлын дараалалд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл зэрэг нэр бүхий 31 хууль тогтоолын төслийг оруулсан бөгөөд хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж байхаар тогтоожээ.

Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Монгол Улсын Их Хурлын даргад зөвшөөрсөн байна.

Мөн дугаарт Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр”, “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”, “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-уудыг бүрэн эхээр нь нийтэлжээ.