Home » Мэдээ мэдээлэл » “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 36 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 36 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Үндэсний хөтөлбөр батлах тухай, Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.

Эрдэс баялгийн салбарын хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйлийн нэг нь бүх төрлийн геологийн судалгааны ажлын үр дүнд бий болсон геологийн мэдээлэл байдаг бөгөөд анхдагч болон дахин боловсруулсан мэдээлэл нь хүн амын амьдрах эрүүл, аюулгүй орчин, байгаль орчны тэнцвэрт байдал, геологийн тогтоц, ашигт малтмалын зүй тогтол зэргийг тодорхойлдог байна.

Өнөөдрийн байдлаар ашиглаж байгаа өгөгдлийн сангуудыг дараагийн дээд түвшний програм хангамжид шилжүүлж, хадгалалт хамгаалалт, хандалтыг сайжруулах, геологийн судалгааны мэдээллийн үр дүнгээр мэдээллийн санд үүссэн геологийн холбогдох давхаргуудыг холбож шинэ бүтээгдэхүүн гаргах, цахим хэрэглээнд нэвтрүүлэх, ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөн, баланс хөтлөх ажлыг боловсронгуй болгох, анхдагч тайлан материалыг цахим хэлбэрт шилжүүлэх, эрэх, хайх, ашиглах боломжтой хайлтын системд бүрэн хамруулах, чулуун дээжийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах зэрэг дараагийн үе шатны ажлуудыг хийх зайлшгүй шаардлага бий болжээ.  Тиймээс “Үндэсний геомэдээллийн сан” үндэсний хөтөлбөрийг боловсруулан баталсан байна.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эрдэс баялгийн салбарын гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үнэн бодит, найдвартай мэдээллээр хангах замаар үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, олон нийтэд тухайн салбарыг сурталчлан таниулах, шинэ орд, илрэлийн геологийн тогтоц, холбогдох бусад мэдээллийг харьцуулах боломжоор хангах, тухайн бүс нутгийн хэтийн төлөв, геологийн тогтоцыг бүрэн хэмжээгээр судлахад дэмжлэг болох, цаашлаад эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм байна.

Мөн дугаарт Засгийн газраас шинэчлэн баталсан ”Эрчим хүчний аудит хийх журам”, “Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам”, “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-ыг бүрэн эхээр нь нийтэлсэн байна.