“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 23 дахь дугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршиж буй юм.

Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдах бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлах юм.

Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр, түүнд хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчлэх бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан журмыг баримтлах аж.

Гадаад улсын, олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдэлж байгаа хүнийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг Улсын ерөнхий прокурор Монгол Улсын гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан тухайн улс, олон улсын байгууллагаас хүснэ хэмээн хуульчилжээ.

Энэхүү хуулийн хамт батлагдсан Терроризмтой тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 23 хуулийг нийтэлсэн байна.

Түүнчлэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай, Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулиудыг нийтэлсэн байна.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.3-т заасан хэмжээний 0-50 хувиар Засгийн газар тогтоохоор болжээ.

Мөн дугаарт Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

татаж авах

By admin