Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.11.30/ хуралдаан 14 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

%d0%b1%d0%b0%d0%b9%d0%bd%d0%b3%d1%8b%d0%bd-%d1%85%d0%be%d1%80%d0%be%d0%be

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн чанартай засвар хийж эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Ингээд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжив.

%d0%b1%d0%b0%d0%b9%d0%bd%d0%b3%d1%8b%d0%bd-%d1%85%d0%be%d1%80%d0%be%d0%be-2

Мөн хууль хоорондын уялдаа холбоог хангах үүднээс Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн таван хуулийн төслийг шинээр санаачлан боловсруулсныг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр эдгээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн юм. Ингээд хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулан Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүд, холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Дараа нь Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

%d0%b1%d0%b0%d0%b9%d0%bd%d0%b3%d1%8b%d0%bd-%d1%85%d0%be%d1%80%d0%be%d0%be-3

Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэмж тусгасны зэрэгцээ хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу төсөлд найруулгын чанартай зарим засвар оруулсан байна. Ингээд ажлын хэсгээс гаргасан зарим саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн Олон улсын гэрээний тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Засгийн газрын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

By admin