“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 43 дахь дугаарт Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.

Дээрх хуулиар нийтээр тэмдэглэх байрын өдрүүдэд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдрийг нэмж оруулсан юм.

Мөн эмхэтгэлийн шинэ дугаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна. Уг тогтоолоор Доржийн Одбаярыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Пунсалмаагийн Очирбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлжээ. Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилох тухай, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний үүрэг ажлаас чөлөөлөх тухай, Санхүүгийн зохицуулах хорооны зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг Жамсрангийн Бямбадоржийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилсон байна. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Харьюугийн Бум-Эрдэнийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүний, Даваагийн Ганбаяр, Данжилаагийн Ганбат нарыг орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Отгонбатын Батбилэгийг, орон тооны бус гишүүнээр Баасанжавын Батхишиг, Баярсайханы Баярдаваа нарыг томилж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Лувсандагвын Энхтайванг улируулан томилжээ.

“Төрийн мэдээлэлд” эмхэтгэлд Цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тагнуулын ерөнхий газар эзэмшиж байгаа барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар тохижуулан, үйл ажиллагааг нь эхлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нарт дээрх тогтоолоор даалгажээ.

Мөн дугаар  Олон улсын хүүхдийн спортын наадам зохион байгуулах тухай, Төсвийн зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

                                                                                                                                                татах

By admin